ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.



Үндэсний холбоо аймгийн холбоодын үйл ажиллагаатай танилцаж хоршоологчидтой уулзлаа

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн ээлжит III хурал энэ оны 2-р сард хуралдаж тус хурлаар Удирдах зөвлөлийн гишүүд Үндэсний холбооны үйл ажиллагааг хөдөө орон нутаг руу илүү чиглүүлэх, Аймгийн холбоод болон анхан шатны хоршоодтой газар дээр нь очиж танилцаж тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэлийг бодит орчинд нь судлаж цаашдын үйл ажиллагаанд тусгаж ажиллах талаар санал гаргаж байсан. 

Энэ саналын дагуу Үндэсний холбооны ажлын хэсэг орон нутагт ажиллах удирдамжаа боловсруулан 3-р сарын 27-оос 4-р сарын 26-ны өдрүүдэд нийт 20 аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Үндэсний холбооны Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин ажиллаж, “Намак кооп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж 9200 км гаруй зам туулж нийт 340 хоршооны 400 гаруй хоршоологчидтой уулзаж, тэдний дуу хоолойг сонсож, цаашид Үндэсний холбоо, аймгийн холбоо, анхан шатны хоршоод хэрхэн хамтран ажиллаж үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, шат шатандаа хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажил үйлчилгээний талаар санал солилцлоо. 

“Намак кооп” ХХК-ийн зүгээс хоршоодын үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүний сав баглаа боодлыг нэгдсэн стандарттай болгож, нэг лого таних тэмдэг доор нэгдэх зорилго бүхий НАМАК эко брэндийн танилцуулгыг хийлээ. Хоршоодын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтай, ямар нэгэн химийн болон нөөшлөгч бодисгүй эко бүтээгдэхүүн байдаг. Гэвч эдгээр бүтээгдэхүүнүүд нь сав баглаа боодлын хувьд өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй байдгаас шалтгаалж борлуулалтын асуудал хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг нэгдсэн журмаар шийдвэрлэж хоршоодыг өөрсдийн гэсэн нэг брэнд дор нэгдэж бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бий болгоход НАМАК брэндийн онцлог оршиж байна. 

Мөн энэ үеэр “MMCG”ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу Үндэсний холбооны нийт гишүүдийн бизнесийн нөхцөл байдлын судалгааг авлаа. Судалгаа нь  хоршоодын цаашдын бизнесийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, хоршоод хамтарч түүхий эдийн нэгдсэн борлуулалт, тээвэрлэлт хийх, хоршоод хамтарч бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд гаргах боломжит нөхцлийг тодорхойлох, хөдөө аж ахуйн биржийн арилжаанд хоршоод оролцох нөхцлийг бүрдүүлэх, хоршооллын салбарын хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг тодруулах зэрэг өргөн цар хүрээг хамарсан өндөр ач холбогдолтой юм. Хоршоодын талаарх нэгдсэн судалгаа, мэдээллийн бааз дутмаг байдаг нь хоршоодын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, бүтээмж, шинээр бий болгож буй ажлын байр, гишүүдэд хуваарилж буй ногдол ашиг, улсад төлж байгаа татвар, шимтгэл зэрэг нь үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийн статистик мэдээ дутмагаас хоршоодын нийгэм, эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр үнэлэгдэхгүй байх, үүнээс үүдэн нийгэмд  хоршооллын салбарын нэр хүнд буурах, хоршооны мөн чанар, ач холбогдлыг хүмүүст ойлгуулахад сөргөөр нөлөөлж байна. Хоршоодын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын судалгааг авч хоршоодын мэдээллийн нэгдсэн бааз бий болж, цаашид улирал, хагас жилээр хоршоодын статистик тоо мэдээллийг нэгтгэн хөтөлж, хоршоодын бүтээж буй баялгийг бүртгэлжүүлж албан ёсны статистик мэдээллийг хөгжүүлнэ.

Орон нутагт ажиллах үед банкнаас зээл авах, барьцаа хөрөнгө, батлан даалт гэх мэт асуудлууд туйлын хүндрэлтэй байгаа талаар хоршоологчид уламжилж байлаа. Бодит энгийн жишээ авахад хоршооны нэг гишүүн банкинд зээлтэй байхад хоршоонд зээл өгөхөөс татгалздаг. Үүнээс болж хоршоо банкны зээлэнд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх боломж хаагдаж байна. Иймээс хоршооны хууль эрх зүйн орчныг шинэчлэх, хоршоо хөгжих хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь чухлаар тавигдаж байна. Мөн хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны дээд байгууллага тогтворгүй, тодорхойгүйгээс хоршооны асуудал төрийн бодлогын гадна үлдэж байгааг хоршоологчид онцолж байлаа.  

Хөдөө орон нутгийн иргэд төрөөс олгож буй арьс шир, ноосны урамшуулалд хамрагдах зорилгоор л шинээр хоршоо байгуулах, хоршоонд бүртгүүлэх явдал их байна. Үүнээс улбаалан хоршооны үндсэн зарчим алдагдах, урамшуулал авах зорилготой нэр төдий хоршоод олноор бий болж байна. Иймд хоршооны төрөл бүрийн сургалтын хэрэгцээ шаардлага хөдөө орон нутагт өндөр байгааг явсан газар бүр ярьж байлаа. Үүнийг харгалзан Үндэсний холбооны зүгээс танхимын сургалтын модулаа өөрчлөн хөдөө орон нутагт очиж сургалт явуулах, тэдний хэрэгцээг шаардлагыг судлан зорилтод нийцсэн сургалтын модулыг боловсруулан энэ намраас орон нутгуудад сургалт хийхээр төлөвлөж байна. 

Орон нутагт ажилласан багийн тайлан, судалгааны үр дүнг нэгтгэн Үндэсний холбооноос хоршооллын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж хоршооллын салбарыг хөгжлийг шинэ шатанд гаргах, хоршоо хөгжих хууль эрх зүй, нийгэм эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхийг зорилт болгон ажиллаж байна.