ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.



“Олон улсын хоршооллын өдөр”

“ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ӨДӨР”
 Мэндчилгээ

Монгол улсад “Хоршооллын хөдөлгөөн”-ийг түгээн дэлгэрүүлж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийт хоршоологчид Та бүхэндээ Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа “Олон Улсын Хоршооллын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндийг дэвшүүлье. 

Тэртээх 1844 онд Англи улсад аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр ядууралд өртсөн нэхмэлчид нэгдэн худалдааны чиглэлийн хамтын аж ахуй болох Рочдейлийн хоршоог байгуулж, Олон улсын хоршооллын тулгуур зарчмуудыг бий болгосон түүхтэй. Өнөөдөр Хоршооллын салбар нь 1 тэрбум орчим хүнд үр ашгаа шууд өгч, 250 сая орчим хүнийг ажлын байраар хангаж байгаа дэлхийн хамгийн хүчирхэг гэр бүл болон хөгжсөөр байна. Олон Улсын хоршооллын холбооноос 2012-2022 оныг “Хоршооллыг дэлхий дахинд хөгжүүлэх 10 жил” болгон зарласан нь дэлхий нийтээрээ хоршоололд өндөр ач холбогдол өгч энэхүү хөдөлгөөнийг эрчимжүүлэхийг чухалчилж байгаагийн илрэл юм.

Малчид, тариаланчид хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршиж, хамтран үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлснээр илүү их баялаг бүтээх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлийг хохирол багатайгаар даван туулах чадамжаа нэмэгдүүлэх зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. 

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо сүүлийн жилүүдэд хоршооллын хууль эрхзүйн орчинг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулалтын тогтолцоог сайжруулах, санхүү эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх зэрэг чиглэлийг онцлон анхаарч, гадаад харилцаа хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэн дэлхийн хоршооллын байгууллагуудад төлөөлөн, Монгол улсын хоршооллын хөдөлгөөнийг манлайлан ажиллаж байна. 

“Хоршооны тухай хууль”-ийг сайжруулах, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”, ”Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” хөтөлбөр зэрэг Улсын Их Хурал, Засгийн газраас гарсан бодлого, шийдвэрүүд, “Хөдөөг хоршоолох аян”, “Малчдын хоршоог хөгжүүлэх аян”-ыг улс орон даяар өрнүүлсэн нь хоршоо хөгжих орчинг таатай болгож байна. 

Цаашид бид төрийн зарим чиг үүргийг хоршоодоор гүйцэтгүүлэх, хоршоодыг гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, хоршоологчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, хоршооллын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, санхүүгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг хоршоологчдын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажиллана.

Их бүтээн байгуулалт, мэдээлэл технологийн хөгжлийн өнөө үед хоршоо нь бизнес эрхлэх оновчтой хэлбэр болохын зэрэгцээ, улс орны өмнө тулгамдаж буй ажилгүйдэл, ядуурал, алслагдсан бүс нутгийн хөгжлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд үр өгөөжөө өгөх бүтэц гэдгийг зориуд онцолж байна. 

Эрхэм хоршоологч та бүхэн Улс орныхоо хөгжлийн манлайлагч байж, Үндэсний холбооны шийдвэр, бодлогын баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж хамтдаа хөгжил дэвшлийн өндөрлөгт хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 
Монголын хоршооллын хөдөлгөөн улам бэхжин хөгжиж, хоршоологчдын амьдрал ахуй дэвжин дээшилж байхын билэгтэй ерөөл өргөн баръя.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ 
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.СУМЪЯАБАЗАР