ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.



Эмгэнэл

 

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХАА-н салбарын нэрт зүтгэлтэн Намхайн Намжиг  2017 оны 04 сарын 22-ний өдөр өвчний улмаас таалал төгсч гэр бүл, үр, хүүхэд, төрөл төрөгсөд, хамтын хүчээр жигүүрлэн эх орныхоо бүтээн байгуулалтанд зүтгэж явсан үе, үеийн хоршоологчдод нөхөж баршгүй гарз тохиолоо.

Намхайн Намжиг 1951 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын захиргааны нарийн бичгийн даргын албаар ажлын гараагаа эхэлж 1954-1990 онуудад Сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, нэгдлийн даргын албыг тасралтгүй 36 жил хавсран хашсан ХАА-н нэгдэл хоршооллын гарамгай удирдагч сайн зохион байгуулагч байлаа. Тэрээр нам төрийн даалгавраар Архангай аймгийн Өндөр-Улаан, Бугат, Чулуут, Хайрхан, Их Тамир, Өлзийт, Тариат, Төв аймгийн Баяндэлгэр зэрэг найман сум, нэгдлийн ажлыг хариуцан удирдан зохион байгуулан өндөр амжилт гаргасан бөгөөд1948-1990 он хүртэл 42 жил Эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэж түмэн олондоо НАМЖИГ БААТАР хэмээн дуудуулах хүндтэй алдрыг олсон билээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Тусгаар тогтнолын одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медиалуудаар шагнасан бөгөөд 1976 онд БНМАУ-н Хөдөлмөрийн баатар цол Алтан соёмбоор энгэрээ мялаасан юм.

Н.Намжиг Хөдөө аж ахуйн нэгдлийн 8 удаагийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцож байв.

Талийгаачийн ажилч хичээнгүй, шударга, тууштай хөдөлмөрч, цагаан мөртэй өгөөмөр зан чанар, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хөдөө аж ахуйн хоршооллын  хамт олон бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО