Агри Кооп барааны тэмдэгт
Агри Кооп барааны тэмдэгт нь ХАА-н хоршооны бүтээгдэхүүн мөн болохыг гэрчилсэн тэмдэгт бөгөөд Үндэсний холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдэд хамаардаг. Барааны тэмдэгтийг Үндэсний холбооноос батласан “Барааны тэмдэгт хэрэглэх журам”-ын шаардлагыг хангасан, нэмэгдсэн өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүнд олгодог. Бүтээгдэхүүний шинж чанараас хамаарч наалт болон сав баглаа боодол, шошгон дээр хэвлэж хэрэглэнэ.
ХАА-н хоршооны нэр хүнд, хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, ариун цэврийг сайжруулах, борлуулалтыг дэмжих, маркетингийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, хоршооды өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Агри Кооп барааны тэмдэгтийн дүрслэл нь дараах агуулгатай. Тэмдэгтийн голын дээд хэсэгт байрлах цагаан морь нь Үндэсний холбооны уламжилж ирсэн үндсэн бэлгэдэл юм. Энэ нь Агри кооп тэмдэгтийг Үндэсний холбооны оюуны өмч мөн бөгөөд гишүүн хоршоодын бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэгдэхийг илэрхийлнэ. Тэмдэгтийн голд байрлах “Agri-coop” бичээс нь “Agriculture” буюу Хөдөө аж ахуй, “Cooperative” буюу Хоршоо гэсэн олон улсад түгээмэл хэрэглэгддэг англи үгсийн товчлол бөгөөд ”Хөдөө аж ахуйн хоршоо” гэсэн утга юм. “Agri-coop” бичээсийн доод хэсэгт байрлах 3 ширхэг тариан түрүү нь өсөн дэвжихийн бэлгэдлийг агуулсан болно.
Агри Кооп барааны тэмдэгтийг хэрэглэхэд тавих шаардлага:
- Тэмдэгтийн хэрэглэгч нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийг мөрдлөг болгон харъяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа хэвийн явуулах зөвшөөрөл, дүгнэлт гаргуулсан байна.
- Хүнсний бүтээгдэхүүний хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль журманд заасан хугацаанд бүтээгдэхүүний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.
- Хоршоо нь тэмдэгтийг хэрэглэх бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний зориулалтын сав, боодолд савласан байна. Бүтээгдэхүүний шинж чанар, орц найрлага, хадгалалтын хугацааг тод харуулсан, баар кодтой хаяг, шошготой байна.
- Хоршоо нь зах зээлийн эрэлтийг хангах боломж бүхий, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйл ажиллагаа нь тогтворжсон байна.
Тэмдэгтийг хэрэглэх эрх авахыг хүссэн хоршооны бүрдүүлэх материал:
- Тэмдэгт хэрэглэхийг хүссэн албан бичиг
- Хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Хоршооны үйлдвэрлэл, үйл ажиллагааны танилцуулга
- Хүнсний үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын дүгнэлт
- Тэмдэгт хэрэглэгдэх бүтээгдэхүүний танилцуулга, дээж
- Бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дүгнэлт
Агри Кооп барааны тэмдэгтийг дараах зүйлст байршуулж ашиглах боломжтой:
- Бүтээгдэхүүний сав баглаа боодол
- Бүтээгдэхүүний танилцуулга, каталог
- Сурталчилгааны хэвлэмэл хуудас
- Худалдаа, үйлчилгээний цэгийн хаяг
- Сошиал хуудас
- Үзэсгэлэнгийн баннер
- Видео, реклам, зар сурталчилгаанд ашиглаж болно.