You are currently viewing Олон улсын хоршооллын өдөр

Олон улсын хоршооллын өдөр

Хуваалцах

Олон улсын хоршооллын холбоо нь 1895 байгуулагдаж 100 орны 300 гаруй хоршооллын байгууллага, 1 тэрбум хүнийг төлөөлсөн эгнээндээ нэгтгэсэн гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд 1946 оноос  эхлэн НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдөн зөвлөх статустай болсон анхны төрийн бус байгууллага юм. Энэхүү холбоо нь 1923 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын эхний Бямба гарагт Хоршооллын өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд НҮБ-н Ерөнхий Ассэмблейгээс уг өдрийг албан ёсоор “Олон улсын хоршооллын өдөр” болгон зарлаж дэлхий дахинаа хоршооллын салбарын нэр хүндийг өргөх, хоршоологчдын оролцоог олон нийтэд сурталчилан тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байна.

Олон улсын хоршооллын өдрийг жил бүр тодорхой уриан дор төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 7 дугаар сарын 3-ны Бямба гарагт “Илүү сайныг хамтдаа сэргээн бүтээе” уриан дор дэлхий нийтийг хамарсан цар тахлын хямралыг хоршоологчид эв санааны нэгдэл, хамтын хүч, тэсвэр тэвчээрээр хэрхэн даван туулж байгааг сурталчилан таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Олон улсын хоршооллын холбооны ерөнхий захирал Бруна Роеланц хэлсэн үгэндээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид бүхэн хоршооллын хөдөлгөөн манай гараг ертөнц, хүмүүсийн сайн сайхны төлөө хэрхэн ажиллаж байгааг харуулж чадлаа. Иймээс бид цар тахлын дараа ч илүү сайныг хамтдаа сэргээн бүтээж олон сайхан түүхийг бий болгоно гэдэгт би итгэлтэй байна” гэж цохон тэмдэглэсэн юм.

Иймд Хоршоологч та бүхэн өөртөө туслах, эв санааны нэгдэл, нийгмийн хариуцлагыг хамтын үнэт зүйлс болгосон хүн төвтэй бизнес загвар болох хоршоогоороо дамжуулан цар тахлын хямралыг хамтдаа даван туулахад олон нийтийг уриалан энэ жилийн олон улсын хоршооллын өдрийг үр бүтээлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлнэ үү!


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү