You are currently viewing ХАА-н хоршооллын төв байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

ХАА-н хоршооллын төв байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

Хуваалцах

ХАА-н хоршооллын төв байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын үйл ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 21, 22-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Ойн баярын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу эхний өдрийн үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд баярын хурлаар эхэллээ.

Хуралд 21 аймгийн холбоодын дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн төлөөлөл, гишүүн хоршоодын дарга, гишүүд нийт 350 гаруй хүн орон нутгаас оролцсон бол урилгаар Үндэсний холбооны хамтарч ажилладаг төрийн байгууллагууд, төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагууд, ахмад хоршоологчдын төлөөлөл нийт 450 гаруй хүн оролцсон байна.

Баярын хурлын хүндэт тайзнаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Дашзэвэг, Гавъяат эдийн засагч М.Намжил, Б.Авирмэд, ХХАА-н сайд, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн дарга асан, гавъяат агрономич Ш.Гунгаадорж,Ж.Доржханд нарыг урин заллаа.

Үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б. Саруул, УИХ-ын даргын илгээлтийг зөвлөх Ж.Мөнхжаргал, Монгол улсын Ерөнхий сайдын илгээлтийг зөвлөх Б.Энх-Амгалан нар уншиж сонордууллаа.

“Хөгжилд хөтөлсөн 50 жил” сэдэвт илтгэлийг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар тавилаа. Илтгэл нь 2 үндсэн хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт нэгдлийн үүсэл хөгжил, нэгдлийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэсэн үүрэг, хүрсэн амжилт, ололтын талаар дурьдсан бол II хэсэгт ХАА-н хоршооллын хөдөлгөөний үүсэл, хөгжил, өнөөгийн байдал зэргийг хөнджээ. Ойн баярын чухал хэсэг болох шагнал гардуулах ёслолоор баярын үйл ажиллагаа үргэлжилж Монгол улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, “Улсын тэргүүний хоршоологч” цол тэмдэг, яамны Жуух бичгээр ажил үйлсээрээ шалгарсан хоршоологчдыг шагнасан ба шагналыг Үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар, НХДЗ-ийн дарга асан Ш.Гунгаадорж, ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж нар гардууллаа.

Энэ үеэр 21 аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны дарга нарт 50 жилийн ойн хүндэт тэмдэг, “Хөгжилд хөтөлсөн 50 жил” ном, бусад дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.

Баярын хурлыг хааж Намсрайжавын хөгжим “Баярын жавхаа” ёслолын аялгуу эгшиглэсний дараа бүх оролцогчдын хамруулан дурсгалын зураг авахууллаа.

Баярын хурлын дараа хүндэтгэлийн концерт тоглосон ба тус концертыг 100 гаруй урлагынхны бүрэлдэхүүнтэй Бүх цэргийн дуу бүжгийн чуулгынхан ардын урлаг, язгуур урлаг, хуучны сайхан дуунууд, бүжиг, эстрадын дуу зэрэг олон төрлүүдээс хослуулан тоглолоо.

Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Үндэсний холбооны дээд шагнал “Хоршооллын одон”-оор 4, “ХАА-н тэргүүний хоршоологч” цол тэмдгээр 43 хүн шагнагдсан байна.

Хүлээн авалтын үеэр олны танил болсон гавъяат, алдартнууд урлагийн тоглолт, ая дууны мэнд хүргэж хоршоологчид алдартай дуучидтай нэгэн үдшийг дуулж бүжиглэж өнгөрөөлөө.

Ойн баярын 2 дах өдөр хоршоологчдын дунд АХА танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан ба нийт 80 гаруй хоршоологчоо манлайлан Тэргүүн байрыг Дорноговь аймгийн “Говийн нүргээн” хоршооны дарга Б.Эрдэнэцэцэг, дэд байрыг Өвөрхангай аймгийн “Өшгөг хайрханы оргил” хоршооны дарга Ц.Баяртогтох нар эзэлж тус бүр цом, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Мөн өдрөө 50 жилийн ойн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан зохион байгууллаа.

Ойн үйл ажиллагаанд нэгдэл, хоршооллын байгууллагын ахмад, дунд, залуу 3 үеийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцож нэгдэл, хоршооллын түүхэн үүрэг, ололт, амжилт, ач холбогдлын талаар уулзаж ярилцан сэтгэгдэл өндөр нутгийн зүг жолоо заллаа.


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү