You are currently viewing Үндэсний холбооны гишүүн 9 хоршоо зээлийн гэрээнд гарын үсэг зурав

Үндэсний холбооны гишүүн 9 хоршоо зээлийн гэрээнд гарын үсэг зурав

Хуваалцах

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил /нэмэлт санхүүжилт/ төсөлтэй хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг дэмжих зорилгоор 810 сая төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан төсөл хэрэгжиж байгаа аймгуудын 9 хоршоонд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм.

2021 оны 9-р сарын 8,9-нд “Хөдөө аж ахуйн хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, хоршооны хууль сурталчилах, загвар хоршооны үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ” зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээний үеэр нэр бүхий 9 хоршоо зээлийн гэрээнд гарын үсэг зурав.

Мөн эхний өдрийн арга хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл Хүнс комплекс ХХК, Мах маркет ХХК, Хатан сүйх ХХК зэрэг компанийн удирдлагууд оролцон өөрийн байгууллага үйл ажиллагааг танилцуулж, мал мах худалдан авахад тавьж буй шаардлага, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгч хоршоодтой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хөдөө орон нутгаас ирсэн хоршоодын төлөөлөл ХАА-н биржийн ложистикийн төв, Сонгино хайран дүүргийн “Жаргалант сүү” болон ‘Цэвэр хөрсний шим” дундын хоршоодын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов.

Хоршоод ХАА-н биржийн байнгын бус гишүүн болсоноор биржийн арилжаанд оролцохын зэрэгцээ ХАА-н биржийн ложистикийн төвийн махны болон арьс шир, ноос ноолуурын агуулахыг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах боломжтой бүрдэх юм.


Хуваалцах