Үндэсний холбоо Зүүн Азийн ХАА-н байгууллагуудын зөвлөлийн 27 дах удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.

Хуваалцах

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь Зүүн Азийн хөдөө аж ахуйн байгууллагуудын зөвлөлийн дээд хэмжээний 27 дах удаагийн уулзалтыг “Тогтвортой хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд 2017 оны 8-р сарын 13-наас 16-ний өдрүүдэд 4 дэх удаагаа өөрийн оронд амжилттай зохион байгууллаа.

Уулзалтанд гишүүн Япон улсын ХАА-н хоршоодын холбоо (JA-Zenchu), БНСУ-ын ХАА-н хоршоодын холбоо (NACF), Тайваний фeрмeрүүдийн холбоо (NFA), Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо (NAMAC), БНЭУ-ын бордоо үйлдвэрлэгчдийн дундын хоршоо (IFFCO) зэрэг байгууллагын удирдлагын 10 гаруй төлөөлөгчид, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны төлөөлөл, аймгийн ХАА-н хоршоологчдын холбоодын дарга нарын төлөөлөл 30 гаруй хүн оролцсон байна.

Уулзалтаар гишүүн орон бүр хэлэлцэж буй сэдвийн хүрээнд өөрийн орондоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хүрсэн үр дүн, хамтран ажиллах боломжийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн санал бодлоо солилцож, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлдог уламжлалтай билээ.

Хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга болон Жижиг дунд үйлдвэр хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, мэргэжилтэн О.Бадамханд нартай уулзаж хоршооны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Уулзалтын 2 дах өдөр төлөөлөгчид Төв аймгийн “Баян бүрд хөгжил” хоршоо, “Могол ноос”ХХК-ны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ малчин айлд зочилж монгол ахуй, ёс заншилтай танилцлаа.


Хуваалцах